Хархорин буюу Хөхбалгас хэмээх нийслэл хот (Өдгөөгийн Эрдэнэзуу) дахь Их хааны харшид Европын Парисын их дархан Вильгельм гэгчийн урлан босгосон мөнгөн мод зүйлийн зураг. Төрийн их хурим найр хийхэдэ оньсыг хөдөлгөмөгц орой дах мөнгөн хүн бишгүүр үлээж, түүний 4 этгээдээс архи, дарс, бал, айраг гэх дөрвөн зүйл амттан урсан буудаг ажгуув Чингисийн төрснөөс 92 дугаар онд Францын ван Людовик есдүгээрээс Монгол улсад оруулсан христосын ёсны лам Рубрук Мөнх хаанд бараалхахдаа үзжээ.
Эх сурвалж: А. Амар "Монголын товч түүх" УБ 1989он., 1-р тал
Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ. Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бvтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хvртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв. Энэ тухайд 1253 онд Хархорум хотноо ирж Мөнх хаанд бараалхаж байсан алдарт жуулчин Гиом Де Рубрук "Дорно этгээдэд зорчсон нь" номондоо тэмдэглэсэн байдаг байна.
Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бvгдийг цул мөнгөөр урлажээ.