УДИРТГАЛ
Хvн тєрєлхтний соёл нь бичиг, зохиолтой гvн холбогдолтой. Аливаа vндэстний аж ахуй ба соёлын хєгжилт нь ургамал мэт єсєж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бvрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.
Орост Х зууны vед зохиогдсон "Игорын Хорооны vг" гэдэг сайхан зохиол бий. Гvржид XII зууны vед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг шvлэглэсэн зохиол бий. Францад "Роландын дуулал" гэдэг их Карл хааны байлдааны түүхийг авч бичсэн зохиол бий. Грект "Илиада, Одиссей" гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан vлгэр бий.
Тэрчлэн манай монгол vндэстний анхны тvvхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мєн. Нууц товчоог олон vндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгvvдтэй зэрэгцvvлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард тvмний дотор уран vгийг холбож, тvvхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хvмvvс байсан байна.
Нууц товчоог зохиосон хvний нэр байхгvй бєгєєд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгvй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын vеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам vнэн хуваарь нь мєн болоод тэргvvн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Єгэдэй хааны vеийн явдлыг бичсэн ба нєгєє уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хvртэл болсон явдлуудыг тоочжээ. Бvлгvvдийг жагсаавал:
- Тэмvжиний уг гарал ба бага насны vе
- Чингисийн идэр нас
- Мэргэдийг сєнєєсєн ба Тэмvжиний Чингис хаан цол єргємжлєгдсєн нь
- Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
- Татаарыг сєнєєсєн ба Ван хантай эвдэрсэн нь
- Хэрэйд улсын мєхсєн нь • Ван хан сєнєсєн нь
- Хvчvлvгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
- Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
- Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
- Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
- Чингисийн нас барсан ба Єгєдэйн хаан болсон нь
Эдгээр тоочсон бvлгээс vзвэл Чингисийн vеийн зєвхєн тvvх мэт боловч vнэндээ тийм биш, ардын аман vлгэрийн дээр vндэслэсэн бєгєєд тэр цагийн ардын дуу, цэцэг vг, шvлэглэлийг єргєнєєр гаргажээ. Бvлэг бvрд хорь гучин шvлэг байна. Хvний яриа ба хэлvvлсэн vгс их тєлєв шvлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба vг холбох найруулах хийгээд шvлэглэсэн ба vргэлжилсэн зохиолын жишээ бvрэн гарчээ.
Нууц товчоо бол XIII зууны vед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам vнэнээр гаргаж бичсэн учраас тvvхийн хосгvй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг дэлгэрэнгvй гаргах бєгєєд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай тєдий л дэлгэрэнгvй гарахгvй. Гэвч Монголын цэрэг баруун зvг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын тvvх нєхєж єгнє. Рашид Эддин, энэ тvvхийг ХIV зууны vед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хvнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мєн Монгол, Хятадын холбогдолтой тvvхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын тvvхч нар их л дэлгэрэнгvйгээр бичсэн тул нєхєгдєж ирнэ. Юань улсын мєхсєний дараа Хятадын Мин улсын vед Монголын тvvх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба єєр ч олон зvйлийн Монголын тvvхийн бичиг хятад хэл дээр бий.
Нууц товчоог монгол хvн, монгол нутагт зохиосон тул гадаадын тvvхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын тухай Оросын эрдэмтэн Владимирцов "Монголын нийгмийн байгуулал" гэдэг
номын 6 дугаар нvvрт бичсэн нь: "Дундад зууны vед нэг ч vндэстэн, Монголын адилаар тvvхч нарын анхаарлыг татсангvй гэж хэлж болох бол бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дvрслэн vзvvлсэн дурсгалт бичгийг нэг ч нvvдэлчин vндэстэн vлдээсэнгvй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ.
Энэ зохиол бол Монголын тvvхийн хосгvй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мєн. Нууц товчоог XIII зууны vед зохиогдсон ганц яруу зохиол гэж vзэж болохгvй. Жишээлж хэлбэл, халцгай цєлд ганц єндєр нарс ургадаггvй, єндєр нарс их ойн дунд, єндєр нам олон нарсны зэргэлдээ ургадаг биш vv. Тэрчлэн єндєр сайхан нарс мэт сvндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мєн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сvйджээ гэж хариулж болно. Манай нvvдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байсан сав байхгvй ба олон удаа дайн байлдааны хєлд орж байсан учраас ном бичгээ хялбархан vрэгдvvлдэг байжээ. Хэдийгээр монголын ард тvмний тvvхт цагийн дотор бvтээсэн уран бvтээлийн vнэт зvйлийн vлэмж хэсэг нь харамсалтайгаар vрэгдсэн боловч хуучин vеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын єв болж vлдсэн байна.
Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хvсэл бvрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бvлэг vлгэрт ардын жаргалант аж амдралыг хvсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргvvцэх ардын санал илэрхий vзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч тєрлийн ба феодалын бутархай жижиг аймгуудыг эсэргvvцэж тєвлєн нэгдсэн улс байгуулах хvсэл тодорчээ. Тєрєл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос тєвлєсєн улс болох явдал нь тvvхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мєн.
Нууц товчоонд Чингисийн тєвлєрсєн улсыг байгуулж, монгол vндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй талыг бас нуусангvй. Чухам тэр цагийн олны байдлыг нvдний ємнє ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангvй, олон жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргvvлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ.
Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:
"Одтой тэнгэр орчиж Олон улс байлдаж Орондоо унтах завгvй Олзлон булаалдаж байв. Хєрст дэлхий хєрвєж Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгvй Хєнєєлдєн тэмцэж байв" гэжээ. (Нууц товчооны 254 дvгээр зvйл)
Ийм эв найргvй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бvтээсэн боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтаж бичнэ. Дараа нь Чингис хаан тэргvvтэй Монголын язгууртан гадагш єнгєлзєж, зэргэлдээ суугаа тэр цагийн соёлжсон улсуудыг сvйтгэсэн хэрцгий явдлыг єгvvлжээ.
Чингис хаан ба тvvний єрлєгvvдийн хэрцгий тvрэмгий байдлыг Нууц товчоонд бичсэн нь:
"Ширмэн тємєр магнайтай Шивээ хурц хэлтэй Ган тємєр зvрхтэй Гадас цvvцэн хошуутай Галзуу дєрвєн нохой Тvмэн амьтныг хядахаар Тємєр гинжээс мултарч Шууд барьж идэхээр Шунахай шvлсээ Савируулж айсуй, Шvvдрээр унд хийж Шvлсээр хоол хийж Салхиар унаа хийж Саадгаар нєхєр хийж явдаг Зэв, Хубилай тэргvvтэй Зэлмэ, Сvбэдэй дараатай Тэр дєрвєн ноход Тэмvvлэн хvрч ирэв" гэжээ.
Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан магтахгvй, хэтэрхий далдлан нуухгvй чухам vнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм єв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан єв соёлыг эзэмшихгvй бол бvтэхгvй. Ардын єв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн бидний чухал vvргийн нэг мєн. Одоо монгол ард олны урьдын бvтээсэн, байгуулсан гавьяа зvтгэлийг бvрэн шинжлэн vзэж, монгол ардын утга зохиолыг хєгжvvлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих vvнд, юуны ємнє Монгол ардын тvvх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран vзнэ.
Энэ зохиолын хуучин монгол vсгээр бичигдсэн эх одоо хvртэл олдоогvй. Гагцхvv хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад vсгээр бичигдсэн буюу уйгар монгол vсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгvй. XIII зууны vед монголчууд хятад vсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад vсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол vсгээр бичигдээд хожим хятад vсгээр сийрvvлж бичсэн нь олдсон ба харин монгол vсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мєн гэж лав баримталмаар бичиг байхгvй тул хятад vсгийн эхийг гол болговол зохино.
Нууц товчоотой холбогдол бvхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нєгєє нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн Цэдэгийг тус Хvрээлэнгээс сvйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925 онд хэвлvvлсэн ба нєгєє Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зvйлvvд бий ба нєгєє Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хvрээлэнгийн дарга байсан Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебv овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц товчоо 282 зvйл болохоос энэ Алтан товчид 233 зvйл нь байна. Гагцхvv энэ хэвлэгдсэн Алтан товчид vг vсгийг буруугаар ойлгож єєрчилсєн ба хуулахад ташаарсан зvйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол тvvхvvдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зvйлvvд байх боловч тэр бvрийг энд тоочихгvй. Гагцхvv vvнийг баримт болгож хянавал, Монголын хуучин тvvхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур монгол vсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно.
"Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил, сар єдрийн бидvvн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр" гэдэг нэртэй юм 1945 онд Євєр Монголоос олдов.
Тvvний дотор Монголын тvvхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь:
"1. Тvвдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг.
2. Чадагчийн цадиг
3. Залуусын хурим
4. Хєх судар
5. Чингисийн шастир
6. Юаны тєв их судар
7. Язгуурын тvvх
8. Алтан vрстний товч
9. Да Юаны Чин Си бичиг
10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл
11. Алтан урагтны дєт тvvх
12. Богд Чингисийн сул тууж
13. Ган му судар
Энэ 13 болно" гэжээ.
Үvний дотор дурдсан Хєх судар, Чингисийн шастир, Язгуурын тvvх, Алтан vрстний товч, Алтан урагтны дєт тvvх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой холбогдолтой байж мэднэ.
Нууц товчооны хятад vсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов. Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж, хятад олон судраас чухлы нь сонирхон vзэж судалсаар, Монголын нууц тvvх гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнээр сэмхэн авахуулан, зєвхєн хятад орчуулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний vзэх судлах замыг нээсэн ба дараа нь монгол vгийг орос vсгээр сийрvvлэн бичиж монгол vг тус бvрийн дор орос орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан байтал далайн аянд vхсэн билээ. Тvvний туурвисан дэвтэр нь Зєвлєлт Улсын Шинжлэх Ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зvйлийн санд хадгалагдан байгаа бєгєєд найрамдлын дотор фото татуулж, манай Шинжлэх ухааны Хvрээлэнд ирvvлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их тус болов.
Энэ Кафаров бол єєрєє хятадач болохоос биш, монголч биш тул єєрийн vvсгэн явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь єєрийн танил залуу монголч Позднеевт єгсєн байжээ. Позднеев нь шvvмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан дэвтрээр зарласан ба дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын тvvх гэж нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96 зvйлийг чулуун бараар орос монгол vсгээр бичиж нийтэлсэн байна.
Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь Зєвлєлт улсын эрдэмтэн Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны эх ба орос хэл дээр хєрвvvлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож хэвлэсэн байна.
Нууц товчооны эхний гурван бvлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр єндєр болсон хятадач Пелльо 1913 оноос эхлэн энэ тvvхийг шинжлэн, сонирхолтой сэдвvvдийг хэсэг хэсгээр нийтэлсээр сvvлийн vест бусад холбогдох бичгvvдтэй чацуулан vзэж гvн боловсруулан, зургаан бvлгийн орчуулгыг бvрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна.
Германы Хэниш гэдэг хятадач, мєн тvvхийг шинжилгээ vйлдэж, хэдэн зvйлийг 1931 онд нийтэлсэн ба Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлvvлсэн ганцхан эхийг баримталж латин vсгээр сийрvvлэн бичиж, мєн тvvхэнд орсон vгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундуд улсад бол харин ч манай сонирхон бvхий тvvхийг их эрт бєгєєд Юань улсын мєхсєний дараа, Мин улсын Хун v хааны vед олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров, хятад тvvхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зєвлєлт улсын эрдэмтэн нар их хvчин гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлvvлж байгаа vvнд, манай Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь одоо хvртэл vгvй. Тэр ч байтугай, монгол vсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгvй. Гагцхvv байгаа нь Цэнд гvнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны Хvрээлэнд хадгалагдаж байна. Автономитын vед гvн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн хэвлvvлсэн эхийг баримталж монгол vсгээр сийрvvлэн бичсэн ба монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гvнгийн сийрvvлэг орчуулга хоёр алин ч зєвхєн сонирхон vзэгчдийн туурвил тєдий боловч одоо хэр ондоо монгол vсгээр бичсэн эх байхгvй тул тvvнийг хянаж vзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрvvлэг нь Зєвлєлт Улсын Академид бий ба нєгєє орчуулга нь бидний гарт байвч нягт бус бєгєєд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шvлэг байх атал энэ орчуулгад нэг ч шvлэг байхгvй, уг шvлгийн заримыг vргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг зvгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал ба сийрvvлгийг бид гартаа барьж байгаад Цэнд гvнгийн хагас ба нягт биш орчуулгыг хэвлэхэд сэтгэл тvвдэхгvй тул бид, монгол vсгээр сийрvvлэг ба орчуулгыг хийхээр шийдсэн билээ.
Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд хэрэглэсэн бичгvvдийг тоочвол:
• Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр: С.А.Козин, Сокровенное сказание, том 1, 1941.
• Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч.
• Кафаровын хийсэн Нууц товчооны сийрvvлэг ба хадмал орчуулга (фото зураг).
• Мєн Кафаровын, хятад хэлнээс орос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит Палладий (Кафаров), Старинное Монгольское сказание о Чингис хане.
• Хэнишийн 1935-1939 онд хэвлvvлсэн Нууц товчооны сийрvvлэг ба толь.
• Рашид Эддиний зохиосон Монголын тvvх: Березиний орос хэлэн дээр орчуулсан дэвтэр
• Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гvнгийн орчуулсан Нууц товчооны эх бичмэл хоёр дэвтэр.
• Чингисийн Цэдэг, Алтан товч, Монголын олон зvйлийн тvvх, толь бичиг, Позднеевын Нууц товчооны хагас сийрvvлэг, Алтан-Очирын Нууц товчооны сийрvvлэг, Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон "Монголын нийгмийн байгуулалт" зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.
Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгvй vг бvрд тайлбар зvvж, хуучин монгол хэлээр нь хуучин монгол vсгээр сийрvvлэн бичээд, дараа нь мєн сийрvvлгээ баримталж, одоогийн монгол хvнд ойлгогдохгvй болсон vг єгvvлбэрийг ойлгомжтой vг єгvvлбэрээр сольж найруулан, одоогийн монгол бичгийн хэлбээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол одоогийн монгол хэлнээс нэлээд єєр тул хуучин хэлээр хэвлэвэл цєєн тєдий сэхээтэн хvн vзэхээс биш, олон нийтэд ойлгогдохгvй болно. Ийм тул сэхээтэнд зориулан Нууц товчооны жинхэнэ эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгvй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдvvлэхгvйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв.
Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох vедээ уншигчдад аль зэрэг уран сайхан сонирхолтой байсан бол мєн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэг уран сонирхолтой болгож vзэхийг чармайсан билээ. Орчулагч миний бие, монгол ардын аман зохиолоор хvмvvжиж, аман зохиолыг дууриан шvлэг бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа тvvний шvлгийг орчуулахад vнэн зvрхнээс сэтгэл хєдєлж, чухам тохиромжтой сайхан vvрэг гэж оролдож гvйцэтгэв.
Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг vг баахан хачин санагдаж мэднэ. Гэвч бидний бvтээсэн ажил нь чухам орчуулгын чанартай байсан. Жишээлбэл, уг зохиолын 156 дугаар зvйлд єгvvлсэн нь: "Мєнхv дайсу сэтхижv оорчаг болжу ябужуу, эдоэ яу хvрvрэ ирэжvv. Ину мэтvси чиунтур vлибэ. Яа Яусаарамуй. Нидуну эчинэ хэдхvн гэв. Тєдvйхv мохориулба. Үvнийг орчуулбал: "Хорт сэтгэл агуулж ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт чацуулж хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго гэсэнд тvvнийг даруй алав".
Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зvйлийг нягтлан vзэж нэлээд vг єгvvлбэрийн тайлбар утгыг єєрсдийн vзэмжээр бичсэн билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дvгээр зvйлд ийм vгс бий: "Тэдvй атала, тайчуд-ун Таргудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, "Хоругад гоожижуу, шилvгэд шибэрижvv!" хээн ирээжvv". Үvний дотроос Хирилтугийн хэлсэн vгийг эрдэмтэн нар янз бvрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ vгийг "хулхад, хучичи, шилvгэн шибэрчихv ирэжvхvй" гэж бичжээ. Эдгээр хулхад хучичи, шилvгэн шибэрчихv гэдэг vгсийг Хирилтугийн хамт ирсэн дєрвєн хvний нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан хэрэг болно. Уг утга нь Тайчууд нар Тэмvжин ба Єэлvн эхийг хаяж нvvснээс хойш хэдэн он єнгєрч, Тэмvжин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн vг билээ. Иймийн тул Тэмvжин нарыг хэнхрэв гэсэн утгатай vг байх хэрэгтэй. Үvнийг Цэнд гvнгийн орчуулсан нь: "Тvvнээс тайчуудын Хирилтуг нар vгvvлэлдрvvн, уул орхисон Тэмvжиний эх хєвvvд эдvгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигvvр єд єсжээ. Гєрєєсний зулзага мэт шvд, хумс ургажээ хэмээн нєхдєє авч иржээ". Кафаровын орчуулга мєн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан бизээ.
Бид дээрх орчуулгуудыг алиныг ч зєвшєєрєхгvй орхиж, єєрсдийн саналаар орчуулсан нь: "Чингэж байтал, тайчуудын Таргудай-Хирилтуг шадар нєхдєє дагуулж "Хурганы vс гуужив. Тєлєгний бие тєлжив хэмээн довтлоор ирэв: "Үс", "Бие" гэдэг vгийг нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад, шилvгэд гэдэг vгийг хургууд, тєлгvvд гэсэн vг гэж санана. Шилvгэ гэж одоогийн зарим нутгийн ярианы хэлэнд хоёр настай хонийг хэлнэ.
Бас 105 дугаар зvйл дэх Тэмvжиний Жамухад хэлvvлсэн vгийг уг эх ба Цэнд
гvнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал:
Уг эхэд байгаа нь:
"Гурван мэргэд-тэ ирэжv Єрє-бэн hєгтєрхv болдагдаа би. Єнэр нигэн тан бусуд-у бида? Єсvл-иен хэр єсvхvн? Эбvр-иен hэндvлдээ би. hэлигэнv уруг бусуд-у бида? hачи-иян хэр hачилахун бида?
Цэнд гvнгийн орчуулсан нь:
"Эм хvvхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид уулаас нэг угсааны хvн, энэ зэрэг єшєє хорыг яахин хариулах вэ?
Бидний орчуулсан нь:
"Єст Мэргид ирж Єрий минь євтгєв Єврий минь хоослов. Ємєг тvшиг болох Єнєр тєрлийн та нар Єшєєг авч єгнє vv. Элэг зvрх минь Эмтэрч байна. Элгэн садан та нар Энэ єшєєг авч єг"
Бид Нууц товчооны хятад vсгээс дам латин ба орос vсгээр сийрvvлсэн бичгvvдийг баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний зохиосон Монголын тvvх зэргээс уг эхэд vгvй боловч баймаар зvйлvvдийг бага сага нєхєж оруулсан зvйл бий. Жишээ болгож Нууц товчооны 86 дугаар зvйлийг Алтан товчтой зэрэгцvvлэн vзэж бичсэнээ vзvvлбэл: "Гуравдугаар єдєр, [дєнгєт хvн хаа холдох билээ? А.то] "Тvvнийг манайхан нуусан биз. Євєр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хvртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмvжиний хєлд хvрвэл Сорхон-шар єгvvлрvvн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хvн яахан байна? [Сэтгэлээ ханатал эр, А.то] гэвэл нэгжvvлийн хvмvvс бууж одов" гэжээ.
Энэ зvйлийн дотор "дєнгєт хvн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр" гэдэг энэ хоёр єгvvлбэр vнэхээр байвал зохимоор єгvvлбэр тул Лувсанданзангийн Алтан товчоос авч, Нууц товчооны эхэд нєхєж оруулсан билээ. Санавал хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдсон эх биш, дам уламжлан хуулсан эх мєн биз.
Лувсанданзангийн Алтан товчид бас
Нууц товчооноос хуулж авсан єдий тєдий зvйл бийг дээр дурдсан билээ. Рашид Эддинд бас Нууц товчооны нэг эх байсан бололтой.
Нууц товчооны хятад vсгийн эхийг эдгээр тvvх бичгvvдтэй нийлvvлэн vзэж, чухам баймаар зvйлvvдийг нєхєж оруулах нь зvйтэй хэрэг гэж бид бодож, тийнхvv нэлээд vг єгvvлбэрийг нєхєж бичсэн билээ. Ингэхдээ нэмсэн vг єгvvлбэр бvрийг дєрвєлжин хаалтад хийгээд дараа нь ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг "А.то" гэж хураасан ба Чингисийн Цэдэгийг "Чи.цэ" гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг хэвээр тэмдэглэснээс гадна, орчуулагчийн нэмсэн vгийг бас дєрвєлжин хаалтад хийж, тайлбарласан vгээ дvгрэг хаалтад хийв. Иймийн тул дєрвєлжин хаалт доторх vгийг нэмсэн vг гэж, дvгрэг хаалт доторхыг тайлбарласан vг гэж мэдэх хэрэгтэй.
Тєгсгєлд нь Нууц товчоог зохиоход Монголын нийслэл байсан Хєдєє арал, Долоон болдог, Ауруг хэмээх гурван газрын тухай цєєн vгээр тайлбарлаж єгvvлэхийг хvсэж байна.
Монголын нутаг ой, тал, говь гурван бvсэд хуваагдана. Мал аж ахуйд тал хээрийн бvс vлэмжхэн рольтой байдаг. Ой модоор бvрхэгдсэн уулархаг бvсээс тал хээрийн бvс уруу шургаж орсон уулнууд бол орчин тойрны тал хээрийн ам газраас илvv чийг тунадастай байдаг учраас євс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд бол тал хээр газрын євс бэлчээрийн чухал нєєц болдог юм. Хэрлэний Баян-Улаан уул бол чухамхан тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг ба 47,5 єргєрєгт оршино. Энэ уул бол євс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас хавьойрын олон ардын их євєлжєє газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл малаар дvvрэн болдог. 1945 оны зудад хавь ойрын тав арван сумын ардууд энэ ууланд ирж євєлжихийг бид нvдээр vзсэн бєгєєд энэ ууланд ирсэн ардын мал бараг vхээгvй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагvй ардын мал vлэмжхэн турж vхсэн билээ.
Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зvvн тийш эргэсний доторх нэг их тохойд энэ уул орших бєгєєд энэ уулын зvvн сугаар Цэнхэрийн гол (урьдын Сэнхvр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх тул тэр уулыг нэгэн их арлын хэлбэртэй болгоно. Ийм учраас Нууц товчоог зохиосон эртний Хєдєє арал гэдэг газар бол энэ Баян уул мєн бололтой юм.
Нууц товчооны эцсийн 282-р зvйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ байдаг. Энэ зvйлийг энд сийрvvлье: "Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бvхvй бичиж дуусав" гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мєн болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хєдєє арал хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагvй байсан юм. Хэрлэний Хєдєє арал гэдэг бол одоогийн Баян-Улаан уул мєн болов уу гэдэг миний саналыг тvvхч Х.Пэрлээ хэдэн єгvvллийг бичсэн байна.
1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хєндлєн гулд явж газар нутгийн байдалтай танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим километр ой модтой єндєр сайхан уул юм. Їvнийг одоо Хар тал гэж нэрлэдэг. Хэрлэн мєрний зvvн салаа Хар ус буюу Єргєн ус гэдэг гол Долоодын єврєєр зvvн урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бєгєєд энэ хоёр голын хооронд єргєн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, Замагт нуур, Цагаан нуур, Хєдєє нуур зэргийн хэдэн нуур бий.
Баян-Улааны баруун урд vзvvрт Хэрлэн уруу шургаж орсон долоон жижигхэн толгой байна. Энэ долоон толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна. Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог мєн гэж бодож байна.
Эдгээр долоон толгойн нэр нь:
1. Дєрвєлжин
2. Сvvл
3. Их улаан толгой
4. Бага улаан толгой
5. Олон овоо
6. Тахилгат
7. Гацаа
Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай єгvvлье. Тосон гэдэг жижиг нуур бол эртнээс одоо хvртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг нуур юм. Одоо жил бvр 8-р сарын vед Тосонд олон гэр майхан барьж хvмvvс энэ нуурт орж биеэ сувилдаг байна.
Тосон нуураас зvvн урагш 5 километрийн газарт Аваргын гол гэдэг булаг баруун урагш чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын гол хєвєєн дээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тєв байна. Дэлгэрхаан сумын тєвєєс баруун урагш Аваргын рашаан гэдэг эсгэлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын дэнж дээр эртний хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж vзээд одоогийн Аварга гэдэг нэр бол ХIII зууны vед байсан Монголын орд Аураг мєн гэдэг саналыг дэвшvvлсэн билээ. Аураг гэдэг vг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их гэсэн утгатай "аварга" гэдэг vг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн хойд дэнж дээрх туурийг 1969 онд археологич Х.Пэрлээ малтаж vзээд XIII зууны vеийн хотын vлдэгдэл мєн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны vлдэгдэл мєн гэж vзсэн байна. Тус хотод гар урлалын хvмvvс сууж байсан ба том орд, сvм зэрэг байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мєн тэндээс 10,4 см єргєн нvхтэй тэрэгний цєн, залгацтай чулуун багана зэргийг тvvхч Д.Майдар, Т.Майдар нар олж тусгай єгvvлэл бичиж нийтэлсэн байна. Тэд нар залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт барилгын чадвар єндєр шатанд хvрч байсныг тэмдэглэжээ.
Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нvvдэллэж байгаад сvvлдээ суурьшсан бололтой. Нууц товчооны 136-р зvйлд бичсэн нь: "Чингис хааны Ауруг Харилт нуурт байлаа. Ауруг-тур хоцрогсдоос Жvрхэн тавин хvний хувцсыг тонож, арван хvнийг алжээ. Жvрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг-тур хоцрогсод Чингич хаанд єгvvлбээс . . . Чингис хаан Жvрхэнд морилов. Жvрхэнийг Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт байхад довтлов" гэжээ. Үvнээс vзэхэд тэр vед Жvрхэн нар Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт нутаглаж байсан ба Чингисийн Ауруг орд Харилт нуур гэдэг газарт байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хєдєє аралд сvvлдээ суурьшсан бололтой. 1189 оны vед Чингис хаан Жамухаас салаад Сэнхvр горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхэний Хєх нуурт нvvж ирсэн тухай Нууц товчооны 122-р зvйлд бичсэн ба мєн Нууц товчооны 123-р зvйлд Чингисийг хаан болгон єргємжлєв гэж байна. Цэнхэрийн голын эхэнд Хєх нуур ба Хар зvрх гэдэг уул одоо ч мєн нэрээ хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс vзэхэд Чингисийг Цэнхэрийн голын Хар зvрх гэдэг уулны хавьд хаан єргємжилсєн юм шиг болж байна. Гэвч Нууц товчооноос бусад тvvхнvvдэд Чингисийг Хар зvрхэнд биш, тvvний урд залгаа болох Хэрлэний Хєдєє аралд хаан єргємжилсєн гэж байдаг. Жишээ нь: Саган сэцэний "Эрдэний товчид" єгvvлсэн нь: "Тэмvжин хаан хєвгvvн хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан оронд суусан" гэжээ. Галдан туслагчийн "Эрдэнийн эрих" хэмээх тvvхэнд Чингис хааныг Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан суусан гэж бичсэн байна.
XIII зууны vед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бєгєєд тvvнийг тусгай ноёд харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы тvvхч Янай Ватари-ийн магадласан ёсоор Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр Долоон болдог, Шилгинцэг хоёрын хооронд байжээ. Энэ ордыг "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл" гэдэг зохиолд "Чингис хааны их орд" гэж нэрлэсэн байна. Эдгээр дєрвєн ордыг Хубилай хааны хvv Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас vзэхэд нvvдэллэн явах хэдэн гэр байгаагvй, нэлээд тохитой байран суурин том хот суурин байсан гэж vзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа нvvж байгаад сvvлд Хэрлэнгийн Хєдєє аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг ордны vлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд Аварга Тосонгоос урагш 10 километрийн газарт байгаа хотын туурь мєн гэж бид бодож байна.
Урьдын Ауруг гэдэг vг сунжраад одоо Аварга болжээ гэж бас таамаглаж байна. Ауруг гэдэг нэр угтаа аварга их, агуу их гэсэн vг биш юм. Ауруг гэдэг vгийн vндэс нь одоо монгол хэлэнд байгаа агуур, уурхай (агуурхай), агуулах, агуулга гэдэг vгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг vг угтаа аливаа юмыг агуулах амбаар склад гэсэн утгатай vг бололтой. XIII зууны vед хааны ордны дэргэд аливаа хvнс тэжээл, эд барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд тєв газраа Ауруг гэж нэрлэсэн бололтой. Баруун Монголд уурх гэж зоорийн нэр байна.
Хэрлэний Хєдєє арал нь одоогийн Баян-Улаан уул мєн. Хєдєє аралын Долоон болдог нь одоогийн Долоод мєн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мєн гэдэг гурван саналыг бид дэвшvvлж байна.
Ц. Дамдинсvрэн